Ц.Энхмаа: Цэргийн эмч нарт хойш суух эрх байхгүй. Тэгсэн тохиолдолд эх орноосоо урвасан гэсэн үг

Ц.Энхмаа: Цэргийн эмч нарт хойш суух эрх байхгүй. Тэгсэн тохиолдолд эх орноосоо урвасан гэсэн үг

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний яруу алдарт 98 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэ өдөр эрхэм уншигч таныг Цэргийн госпитал буюу Цэргийн төв эмнэлгийн Яаралтай тусламж, мэдээгүйжүүлэлт, эрчимт эмчилгээний тасгийн эмч, ахлах дэслэгч Цамбын Энхмаатай “уулзуулж” байна. Тэрбээр төрсөн цагаасаа зэвсэгт хүчинтэй холбогдсон бөгөөд түүний ажил, амьдрал энэ салбартай салшгүй холбоотой.

-Танд Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98 жилийн ойн баярын мэнд хүргэе.

-Баярлалаа. Монгол Улсын зэвсэгт хүчинд ажиллаж байсан ахмад дайчид болон одоо ажиллаж байгаа офицер ахлагч, нийт ажилчин, албан хаагчид, эрчүүддээ Монгол Улсад орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 98 жилийн ойн баярын мэнд хүргэе.

-Та цэргийн гэр бүлд төрж, өссөн юм билээ. Хүүхэд нас тань хэрхэн өнгөрсөн бэ?

-Би энэ тухайгаа ярих их дуртай. Би цэргийн гэр бүлээс гаралтай. Аав минь Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн арын албаны офицер, дэд хурандаа цолтойгоор, ээж минь ахлах ахлагч цолтой цэргийн тэтгэвэрт суусан. Мөн миний ээж Монголын буудлагын анхны эмэгтэй багш. Би нэг эгчтэй. Эгч минь Баянзүрх дүүргийн Цагдаагийн III хэлтсийн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч. Тэгэхээр гэр бүлээрээ цэргийн хүмүүс гэж хэлэхэд болно. Намайг төрөхөд Дорноговь аймгийн Зүүнбаянд хэд хэдэн хорооноос бүрдсэн том девиз байсан. Би Дорноговь аймгийн Зүүнбаян сумын Цэргийн төв эмнэлэгт төрсөн. Сургуулийн өмнөх боловсролыг цэргийн хуаранд л эзэмшсэн. Цэргийн хүн нэг газар тогтож, суурьших хэцүү. Тушаал өгсөн л бол “мэдлээ, гүйцэтгэе” гээд команд аваад явдаг. Аав, ээж хоёр минь Дорноговь аймгийн Зүүнбаян болон Төв аймаг, Налайх дүүргийн Городокт тушаал авч ажилладаг байсан. Эгч бид хоёр аав, ээжийгээ дагаад л өөр өөр газар суурьшиж, арван жилдээ олон сургууль дамжсан. Үүний сайн тал нь хүүхдүүд шинэ орчинтой хурдан танилцдаг. Амархан дасан зохицдог юм билээ. Мөн аав, ээж хоёр марш тактик, бэлтгэл гээд явчхаар өөрсдөө л гэрийн бүх ажлаа амжуулдаг байсан болохоор биеэ даах чадвар сайн.

-Арван жилдээ спортоор хичээллэдэг байсан уу?

-Эгч бид хоёр арван жилдээ нийгмийн идэвх их сайн хүүхдүүд байсан. Хаана олон нийтийн ажил болно тэнд оролцоод явж байдаг байсан. Сургуулиас зохиогддог бүх л спорт урлагийн арга хэмжээнд оролцдог байлаа. Гэхдээ спорт гэхээсээ урлагт илүү сонирхолтой. Урлаг уран сайхны тэмцээн, уралдаан, тоглолтод тогтмол оролцдог байсан. Манай эгчид СУИС-ийн уртын дуулаачын ангийн урилга ирж байсан.

-Эцэг эхчүүд мэргэжлийнхээ хүнд хэцүү талыг нь хамгийн сайн мэддэг тул үр хүүхдэдээ өөрийн мэргэжлээ өвлүүлдэггүй. Танай аав, ээж хоёр охид нь хүчний байгууллагад ажиллана гэхэд хэрхэн хүлээж авсан бэ?

-Эгч минь багаасаа л цагдаа болохыг хүсэж, мөрөөддөг байсан. Аав, ээж хоёр минь бид хоёрыг маш сайн дэмжиж ирсэн. Би 2013 онд одоогийн АШУҮИС-ийг Хүний их эмч мэргэжлээр төгссөн. Тэр үеэс одоог хүртэл Монгол Улсынхаа зэвсэгт хүчинтэй ажил амьдралаа холбон ажиллаж байна. Монгол Улсад хос тангараг өргөдөг албан хаагчидтай хоёр эмнэлэг байдаг. Нэг нь Зэвсэгт хүчний 027 дугаар анги буюу хүмүүсийн хэлж заншсанаар Цэргийн төв эмнэлэг. Нөгөө нь Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг. Энэ хоёр эмнэлгийн нийт эмч, сувилагч ажилтан албан хаагчид хос тангарагтай ажил албаа гүйцэтгэдэг. Миний хувьд анагаах төгсөөд шууд Цэргийн төв эмнэлэгт ажиллаагүй. Учир нь Цэргийн төв эмнэлэгт ажиллахын тулд цолоо авсан байх шаардлагатай байсан. Би ажлын гараагаа ээж, аав хоёрынхоо тэтгэвэрт суусан Зэвсэгт хүчний 337 дугаар ангиас эхэлсэн. Анх эмнэлгийн байрын эмчээр ажилласан. Дараа нь Зэвсэгт хүчний 0119 дугаар ангид түр томилолт аван хуваарилагдсан. 2017 оноос Цэргийн төв эмнэлгийн яаралтай тусламжийн эмчээр ажиллаж байна. Хүн удмаа дагадаг гэдэг үг их үнэнд ойр юм шиг санагддаг. Нийт цэргийн албан хаагчдын ихэнх нь цэргийн гэр бүлд төрсөн хүмүүс байдаг. Би багаасаа цэргийн хүнтэй хамт байж, харж өссөн болохоор хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөөд цэргийн эмч болохоор шийдсэн. Намайг оюутан болох үед аав минь өвдөж, Цэргийн төв эмнэлэгт хэд хэдэн удаа хэвтсэн. Тэр үед аавыгаа эргэж, сахиж байхдаа цэргийн эмч нарын гоё сайханд дурласан. Эмч нар бүх сэтгэл зүрх, мэдлэг ур чадвар, оюун бодол, өөрөөс гарч болох бүх зүйлээ өвчтөндөө зориулдаг. Тэгвэл цэргийн эмч нар хүний төлөө мөн эх орныхоо төлөө хос тангараг өргөдөг. Түүнчлэн даргын тушаал авбал заасан цагт нь оч гэсэн газар нь бэлэн байдаг. ЗХУ-ын “Үүрэг хүлээх цагт” гээд кино байдаг даа. Түүнтэй адил цэргийн эмч, сувилагчид үүрэг хүлээх цагт буцаж няцахгүй өргөсөн тангарагтаа үнэнч байж чаддаг.

Цэргүүд танд сэтгэлээ илчилж байсан тохиолдол бий юу?

-Цэргийн албанд дөнгөж ахлах сургуулиа төгссөн 18, 19 настай хүүхдүүд татагдаж ирдэг. Тэд ар гэр, гэр орноосоо хол байгаа. Би хэдий цэргийн хүн ч гэсэн эмч хүн учир цэргүүдтэйгээ ээж, эгч шиг нь ярилцаж ойр байхыг хичээдэг. Учир нь цэргийн эмч байлдагч нарын эрүүл мэндийг эмчлэхээс гадна сэтгэл зүйтэй нь ажиллах ёстой. Байлдагч нар маань ч мөн адил надтай нээлттэй, хүндэлж харьцдаг. Цэргийн байгууллага өөрөө диктатуртай учир байлдагч нар цэргийн эмэгтэй алба хаагч нарт дурлаад, хайраа илчлэх зүйл байдаггүй.

-Цэргийн төв эмнэлгийн эмч ажилтан, алба хаагчид зөвхөн салбарынхандаа гэлтгүй харьяа дүүрэг, нийслэл, шаардлагатай тохиолдолд Монгол Улсын хэмжээнд эрүүл мэндийн үйлчилгээ хүргэдэг юм билээ?

-Манай эмнэлгийн үйлчлэх, хамрах хүрээ маш том. Тухайлбал, Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг бүх цэргийн анги, байгууллагын тэтгэвэрт гарсан мөн одоо алба хааж буй офицер ахлагч, байлдагч энгийн ажилтан болон цэргийн ар гэрийнхэнд үйлчилдэг. Мөн Баянзүрх дүүргийн яаралтай болон төлөвлөгөөт бүх мэс засал манайд хийгддэг. Мөн улсын хэмжээнд халуун хүйтэн зэвсэг буюу буу хутганы хэргийн хохирогчдын эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлдэг. Мөн Монгол Улсын хэмжээний Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төв манай эмнэлэгт байрладаг. Тиймээс санаатай болон санамсаргүй хий, угаарт өртсөн хордсон хүмүүс манай Яаралтай тусламжийн төвд үзлэг эмчилгээ хийлгэдэг. Мөн манайд Баянзүрх, Чингэлтэй дүүргийн зарим хороо, цэргийн албан хаагчийн хүүхдэд үзлэг эмчилгээ хийдэг хүүхдийн тасаг ажилладаг. Үүнээс гадна нийслэлийн есөн дүүрэгт яаралтай түргэн тусламжийн машинаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлдэг. Мөн шаардлагатай тохиолдолд 21 аймаг руу төрөл бүрийн мэргэжлийн эмч нар хамтран алсын дуудлагад явдаг.

Эргэлзэж эсвэл шантарч байсан үе бий юу?

-Эргэлзэж байгаагүй. Дарга, удирдах албан тушаалтнаасаа зэмлэл сонсох үе бий. Мөн байлдагч нар ямар дасгал сургуулилт хийдэг тэр бүрийг л цуг хийдэг. Тухайлбал, байлдагч нартай хамт 30 км замыг алхаж туулна. Учир нь цэргүүдээ явуулчхаад цэргийн эмч ард нь суугаад үлдвэл тэнд ямар нэг эрүүл мэндийн асуудал тохиолдвол яах вэ. Тиймээс цэргийн эмч шантарч буцах ёсгүй. Цэргүүдийнхээ дэргэд л байх үүрэгтэй. Цэргийн эмч нарт хойш суух эрх байхгүй. Тэгсэн тохиолдолд тангаргаа зөрчиж, эх орноосоо урвасан гэсэн үг. Цэрэг хаана байна би тэнд л байх ёстой.

Яаралтай тусламжийн тасагт ирж байсан хүмүүсээс биеийн байдал нь хамгийн хүнд өвчтөн ямар өвчтөн байв

-Яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэхэд энэ хүнд өвчтөн, тэр гайгүй гэсэн ойлголт байхгүй. Жижүүрт гарч байхад янз бүрийн өвчлөлтөй, ухаантай, ухаангүй хүмүүс ирдэг. Тэр бүрт нь бэлтгэлтэй байх хэрэгтэй. Шөнийн цагт нэг үйлчлүүлэгчийг үзэхэд нэг эмч бус жижүүрийн эмч нар багаар тусламж үйлчилгээг үзүүлж, аль болох хурдан хугацаанд оношилж, дараа дараагийн арга хэмжээг авдаг. Жижүүрийн хугацаанд зөвхөн яаралтай тусламжийн эмч бус гэмтлийн мэс засал, ерөнхий мэс засал, мэдээгүйжүүлэлт, сэхээн амьдруулах буюу эрчимт эмчилгээ, дотрын эмч, лабораторийн эмч, сувилагч, дүрс оношлогооны эмч, хүүхдийн эмч гээд төрөл мэргэжлийн эмч нар жижүүрийн үүргийг гүйцэтгэн ажилладаг.

-Монгол Улсын батлан хамгаалах салбарын хангамж хэр сайн бэ?

-Зэвсэгт хүчний салбар хөгжиж, хангамж сайжирч байгаа. Тухайлбал, цэргийн албан хаагч нарыг ар талыг дэмжих зорилгоор ажилтан албан хаагч нарын орон сууц болон бусад буцалтгүй тусламжийн асуудлыг шийдэж өгч байгаа. Мөн ажилтан албан хаагч нарынхаа мэдлэг боловсролд анхаарч гадны олон оронд суралцуулж, туршлага судлуулж байгаа. Ингэхдээ шаардлагатай зардлыг Батлан хамгаалах яамнаас гаргаж өгдөг. Мөн суралцах хугацаандаа албан хаагч цалингаа авч суралцаж буй орноосоо тэтгэлэг авдаг.  Тэр хэрээрээ Монгол улсын цэргийн алба хаагчдын нэр төр өндөрт байдаг. Энхийг дэмжих ажиллагааны оролцогч дунд Монгол Улсын алба хаагчдын нэр хүнд маш өндөр. Үүнтэй адил гадны сургалт, дамжаанд Монголын алба хаагчид манлайлдаг. Тэр хэрээр гадны алба хаагчид Монгол цэргийн алба хаагчдыг хүндэлдэг.

-Та олон улсын хамтарсан сургуулилт, энхийг сахиулах ажиллагаанд хамрагдаж байсан уу?

-Манай эмнэлгийн эмч нар Цэргийн олон улсын хамтын ажиллагааны хүрээнд БНХАУ, Герман зэрэг гадны олон орны болон дотоодын сургалтад хамрагддаг. Би Хятадын Ардын чөлөөлөх армийн Гадаад хэлний сургуульд 2015-2016 онд сурсан. Тухайн жил тус сургуульд 47 орны 280 гаруй цэргийн алба хаагч суралцсан. Би гадны 16 орны цэргийн алба хаагчтай нэг ангид хуваарилагдсан. Манай ангид Камбож, Венесувэл улсын хурандаа цолтой алба хаагч байсанч  миний бие ангийн даргын үүрэгт ажлыг гүйцэтгэдэг байсан. Мөн “Хааны эрэлд” олон улсын цэргийн нэгдсэн сургуулилтад 2016-2017 онд усны сургалтын эмчээр ажилласан. Энэ сургуулилт маш олон орны цэргийн алба хаагч нар хамрагддаг гэдгээрээ онцлог. Дадлага туршлагаа харилцан солилцох боломж олддог. Мөн цэргийн албан хаагчийн заавал оролцох, цэргийн эмчийн заавал ажиллаж үзэх, үүргээ амжилттай биелүүлэх нэг том бахархал бол энхийг дэмжих ажиллагаа. Олон улсын энхийг дэмжих ажиллагаанд оролцсоноор Монгол Улсын цэргийн алба хаагч байсан бол дэлхийн цэргийн алба хаагч болж байна гэсэн үг. Энхийг дэмжих ажиллагаанд оролцох, тэнд очиход цагийн байдал хэцүү. Мөн цаг агаарын нөхцөл, хоол хүнс Монголоос эрс тэс ялгаатай. Тухайн газар нутагт гарсан элдэв халдварт өвчин мөн гэр бүл, ар гэрээ санахаас эхлүүлээд сэтгэл зүйн олон асуудал тулгарна. Тэгвэл тэр бүх шалгуурыг бүхэл бүтэн жилийн хугацаанд даваад эх орондоо ирэхэд маш их тэсвэр тэвчээр, бэлтгэл шаардана. Энэ бүхний ард гараад эх орондоо ирсэн алба хаагчид бол дэлхийн цэргүүд. Надад энхийг дэмжих ажилагаанд оролцох төлөвлөгөө байгаа. Өмнө нь боломж гарсан ч тухайн үед эрүүл мэндийн шалтгаанаар явж чадаагүй.

-Монгол цэргийн өдрөөр эмэгтэй алба хаагчид хэрхэн баярладаг вэ?

-Цэргийн эмч нарын хувьд гуравдугаар сард олон баяр давхацдаг. Гуравдугаар сарын 8-нд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиодог. 18-нд цэргийн баяр, 30-нд Олон улсын эмч нарын өдөр болдог. Нэгэнт л Монгол Улсын зэвсэгт хүчинтэй амьдралаа холбосон учир цэргийн баяр эмэгтэй албан хаагчдын хувьд маш чухал баяруудын нэг. Тиймээс эмэгтэй албан хаагчид эрчүүдийнхээ адил ангийнхаа байлдааны туганд хүндэтгэл үзүүлж, баярын парад, хуралдаа оролцох, цол тэмдгээр шагнагдах зэргээр баяраа тэмдэглэдэг.

Миний хувьд энгийн алба хаагч байж байгаад анх цол авахад үгээр илэрхийлж боломжгүй маш гоё мэдрэмж төрсөн. Мөн цол нэмэх мөч маш гоё. Гэхдээ тэр хэрээрээ маш их үүрэг хариуцлага нэмэгдэнэ.

-Цэргийн эрчүүд ихэнхдээ хатуу ширүүн харагддаг. Аав тань охидоо хэр эрхлүүлдэг байв?

-Аавтайгаа маш дотно, бараг ээжээсээ илүү дотно байсан даа. Аав минь намайг их сургуулиа төгсөхөд бурхан болсон. Ээжээсээ айгаад хэлж чаддаггүй зүйлээ аавдаа хэлдэг байлаа. Манай аав охидоо маш сайн дэмждэг байсан. Бүр арван жилд миний монитадаа өгөх бэлгийг дэлгүүрээр цуг явж сонгож өгдөг байсан. Аав, ээж хоёр минь нийгмийн идэвх сайтай үр хүүхдийнхээ төлөө, олны төлөө гэсэн хүмүүс. Тиймдээ ч хоёр охиноо эмч, цагдаа болох гүүр, замыг тавьж, засаж өгсөн хүмүүс.

Та гэр бүлээ танилцуулаач?

-Манай нөхөр Төрийн тусгай хамгаалалтын газар ахлах дэслэгч цолтойгоор ажиллаж байна. Би Анагаахын тавдугаар курст сурч байхдаа нөхөртэйгээ танилцсан. Нөхөр маань тухайн үед Хилийн цэргийн дээд сургуулийн төгсөх курсын сонсогч байсан.

-Ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа. Миний ажил амьдралд үргэлж урам зориг дэм болдог гэр бүлийнхэндээ, тэр дундаа хайртай ээждээ, эгчдээ, нөхөртөө баярлалаа. Хурандаа С.Батболд захирагчтай зэвсэгт хүчний 027 ангиийн хамт олон, Яаралтай тусламж, мэдээгүйжүүлэлт, эрчимт эмчилгээний клиник, Клиникийн захирал, дэд хурандаа Р.Баянмөнх багшдаа, тасгийн эрхлэгч, дэд хурандаа Г.Тунгаамаа эмчдээ болон эмнэлгийн нийт хамт олондоо маш их баярладаг. Мөн ажил амьдралын минь гарааг эхлүүлсэн Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн хамт олондоо баярлаж явдгаа илэрхийлье.